Уламжлалт эмчилгээ
DSC 0011
 
Бариа засал
 
Бариа засал нь эрхтэн системийн үйл ажиллагааг сайжруулж, өвчнийг анагаан, бие сэтгэлийг сэргэлэн цовоо болгож эрүүл чийргийг сэргээдэг эмчилгээний төдийгүй урьдчилан сэргийлэх үйлдэл бүхий засал болно.
Бариа засал хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсэн, эсийн солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг. Үүний зэрэгцээ чангарсан булчингууд тавигдаж, үе мөч уян хатан болдог.
Амрагчид дараах бариа заслуудаас сонгож бариа засал хийлгэх боломжтой.
 
Бүх биеийн бариа
 
Бүх биеийн ерөнхий бариа нь бие махбодыг суллан тайвшруулж, арьсыг уян хатан, зөөлөн, булбарай болгохоос гадна цусны эргэлтийг сайжрууж, биеийн гадаргуу дахь биологийн идэвхтэй цэг болон бүсүүдэд зохих аргаар нөлөөлөхөд холбогдох өвчнийг засах, өвчин намдаах нөлөө үзүүлнэ.
Ямар ч насны хүн хийлгэж болох боловч ядаргаатай, тайван бус, нойронд муу, биеийн тамир тэнхээ сул хүмүүст оюуны болон биеийн алжаалыг тайлах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн болон эмчилгээний зорилгоор хийнэ.
 
Халуун тосон бариа
 
Халууны илчийг ашиглан зохих бэлчирт сэдээлт өгч, түүгээр дамжуулан илчийг сэлбэнэ.
Хий, цусны гүйдлийг сайжруулан махбодийг тэгшлэх, тамирыг сайжруулах, өвчнийг анагаах засал юм. Үе мөч, ходоодны өвчин, нойр муудах, тэнхээ тамир муудах зэрэгийн үед тохиромжтой.
 
 
Цэгэн иллэг
 
Дорно дахины анагаах ухаан нь хэдэн мянган жилийн баялаг түүхтэй бөгөөд түүний нэг салшгүй хэсэг нь иллэг, бариа засал юм. Олон мянган жилийн өмнө үүссэн энэхүү цэгэн иллэгийн арга нь өнөө үед ч үнэ цэнээ алдаагүй өргөн хэрэглэгдсээр байна.
Хүний биед дотор эрхтэнтэй холбоо бүхий тусгай цэг, бэлчир, бүсүүд биеийн гаднах арьс, хөрсөн дээр оршдог байна. Эдгээр цэг, бэлчрүүдийг бариа заслын аргаар өдөөн цочроосноор тэдгээртэй холбоо бүхий дотор эрхтэний үйл ажиллагааг идэвхжүүлэн тэнцвэржүүлдэг.
 
Толгойд хийх цэгэн иллэг
 
Толгойд амьдралын чухал эрхтэн систем байдаг бөгөөд нүд, шүд, чих, хамар, хоолойн өвчин, хүзүү сээрний өвчин, артерийн даралтын хэлбэлзэл, мэдрэлийн янз бүрийн өвчнүүд, эмэгтэйчүүдийн өвчин, мөн түүнчлэн дотор эрхтний өвчнүүдийн үед ч толгой өвддөг.
Толгойд иллэг хийх нь бие махбодыг тайвшруулах, өвчин намдаах, нойр сайжруулах онцгой нөлөө үзүүлнэ.
 
Хөлийн уланд хийх цэгэн иллэг
 
Хөлийн улны иллэг нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүссэн бүхэн хийлгэх боломжтой юм. Хөлийн уланд хийх иллэгээс ихэнх хүмүүс багагүй таашаал авдаг.
 
Эртний Төвд, Хятад, Япон, Энэтхэг болон Египетчүүдийн дунд өргөн дэлгэрсэн эмгүй эмчилгээний уламжлалт аргуудын нэг юм. Энэ нь хөлийн уланд нөлөөлөн өвчин эмгэгийг анагаах, бие махбодыг тайвшруулах, эм тан хэрэглэхгүй олон төрлийн өвчнийг анагаан засаж, урт наслах, эрүүл чийрэг явахад тустай, хүнд онцын зовиур шаналгаа сөрөг нөлөө үзүүлдэггүй онцлогтой.
 
Хөлийн улны иллэгийн арга нь биеийн бараг бүх төрлийн өвчнийг анагаах чадалтай, сул дорой биетэй хүн хэрэглэвэл бие бялдар чангарч, өвчин эмгэгээс сэргийлнэ.
 
Хүний хөлийн уланд олон тооны биологийн идэвхтэй цэг байдаг бөгөөд хүний биеийн тодорхой эрхтэн, тогтолцоотой дам буюу шууд дотоод холбоогоор холбогдсон бүсүүд байдаг. Эдгээр цэг болон бүсүүдэд иллэг хийхэд бие, эрхтэн тогтолцоонд үйлчлэл үзүүлж, түүний ажиллагааг идэвхжүүлэн, алдагдсан тэнцвэрийг тэгшитгэх, өвчин эмгэгийг засах нөлөө үзүүлдэг юм. Тухайлбал бөөр, шээс дамжуулах суваг, давсагны бүсүүдэд (био идэвхт талбай) иллэг хийхэд бөөр, ялгах эрхтэн тогтолцооны өвчнийг, тархины био идэвхт талбайд үйлчлэл үзүүлвээс мэдрэлийн системийн өвчнийг анагааж болох юм.
 
Ийнхүү хөлийн уланд иллэг хийснээр цусны эргэлт, бодисын солилцоог идэвхжүүлж, биед агуулагдаж буй хорт бодисуудыг зайлуулан хийн болон мэдрэлийн судлын ажиллагааг зохицуулж, дотоод шүүрлийн ялгарлыг нэмэгдүүлж, ядралыг тайлж сэргээдэг онцгой нөлөөг үзүүлдэг.
 
Бумба эмчилгээ
 
Бумба нь хэсэг газрын цусан хангамж мэдрэмжийг сайжруулах өвчинг намдаах зорилгоор хийгддэг. Үе гишүүний үрэвсэл , мэдрэлийн гаралтай өвдөлтүүд, ууц нуруу мөрний өвдөлт, дээшээ хөөрч хөших, уушиг мөгөөрсөн хоолойн үрэвсэл, амьсгал давхцах, цээж нурууны хэсэг газрын өвдөлтүүдэд тавина.
Манай сувилалд зэсэн, шилэн,  соруулдаг бумбыг тавьдаг.
Бумба тавьж болохгүй эсрэг заалт: Арьсны идээт үрэвсэл, арьсны хэт мэдрэг, хэт их ядарч суларсан, тураалд орсон, цусны өвчнүүдийн үед болохгүй.
 
 

жилийн 4 улиралд хийгдэх эмчилгээ үйлчилгээ

Зуны нэмэлт эмчилгээ үйлчилгээ